2017 © Eagle.

УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТЭЭР БАРИМТЛАЖ БУЙ БОДЛОГО, ЧИГЛЭЛИЙН ТАЛААР

2017-09-15   745

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ,Украйн, Белорусь, Казахстан, Кыргиз, Турк, БНАСАУ зэрэг 8 улсын Засгийн газартай олон улсын автотээврийн харилцааны тухай болон дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар БНХАУ-тай 12, ОХУ-тай 29 байнгын болон түр ажиллагаатай боомтоор авто тээврээр харилцаж байна. Хэдийгээр хөрш орнууд руу төдийгүй олон улсын хэмжээнд тээвэрлэлт хийх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авч байгаа боловч автотээврээр улс хооронд гүйцэтгэх тээвэрлэлт хил орчмын бус нутгаас хэтэрч чадахгүй байгаа юм. БНХАУ-ын хувьд манай улсын авто тээврийн хэрэгслийг хилийн боомтоос цааш нэвтрүүлдэггүй, ОХУ-ын хувьд эрх зүйн боломжтой боловч бодит амьдрал дээр эрсдэлтэй, хүнд байна.

Иймд энэ 2010 онд багтаан улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх сонирхолтой, холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангасан этгээдэд улс хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож тээвэрлэлт гүйцэтгүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай. Үүний тулд тухайн хилийн боомтоор байнга тээвэрлэлт гүйцэтгэж байгаа иргэдийг өөрсдийнх санаачлагын үндсэн дээр нэгдсэн нэг зохион байгуулалтын хэлбэрт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Хөрш орнуудтай байгуулсан Автотээврийн хэлэлцээр болон Автотээврийн тухай хуулийн дагуу улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийг дотоодын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн тусгай зөвшөөрөлтэй тээвэрлэгч гүйцэтгэх ёстой.

Энэ ажлын хүрээнд Замын-Үүд – Эрээний хооронд тээвэр хийж байгаа УАЗ-469 маркийн автомашиныг 2010 оны эхнээс аажмаар багасах чиглэл баримтлаж 2011 оноос улс хоорондын зорчигч тээвэрт явуулахыг бүрмөсөн зогсоох нь зүйтэй.

Хятадын тал манай улсад бүртгэлтэй автотээврийн хэрэгслийг өөрийн улсын хилийн боомтоос цааш нутгийн гүндээ нэвтрүүлдэггүй учраас Монгол Улсын тухайн хилийн боомт дээр шилжүүлэн ачих боломжгүй, задалж болдоггүй овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэлтийг “БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгүүлэх, бусад тохиолдолд БНХАУ-д бүртгэлтэй автотээврийн хэрэгслийг Монгол Улсын тухайн хилийн боомтоос дотогш нутгийн гүн рүү оруулахыг таслан зогсоох, мэргэжлийн хяналт, зам тээврийн бүх шатны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж тээвэрлэлтэнд тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна.

Хил, гааль, мэргэжлийн хяналт, зам тээврийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, тээвэрлэлтэнд тавьж буй хяналт сул байгаа зэргээс БНХАУ-д бүртгэлтэй хүнд даацын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын нутгийн гүнд тээвэр хийлгэх, зам тээврийн осол гаргах, түүнчлэн тээврийн хэрэгслийн хийц загварыг өөрчлөн даац, норм хэтрүүлэн ачаа ачих, зам эвдэх зэрэг зөрчил гаргаж байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөллийг үзүүлж байна.

Иймд уул уурхайн ашигт малтмалын тээвэрлэлтийг тухайн ашигт малтмалын орд газрыг ашиглагч, тээвэрлэгч болон бусад хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтаар тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагад нийцсэн хатуу хучилттай автозамыг барьж байгуулсны дараа гүйцэтгүүлэх чиглэлийг баримтлаж байна.

Түүчлэн Монголын автотээвэрчид БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомтод хүрэх, буцах, дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, Азийн автозамын сүлжээнд холбох автозамаар улс хоорондын, олон улсын транзит болон чингэлгийн тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх бодлогыг баримтлаж байна.

Мөн улс, хот хоорондын гол автозамын дагуу 200 орчим км тутамд төв суурин газрыг түшиглэн автовокзал, үйлчилгээний цогц дэд бүтэц /замын буудал, автомашины зогсоол, талбай, авто сервис, шатахуун түгээх станц, цайны газар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын цэг, техникийн түргэн тусламж, нийтийн бие засах газрын үйлчилгээ/ бий болгож, олон улсын стандартын түвшинд хүргэх шаардлагатай байна. Ийм цогц үйлчилгээ бий болсноор тухайн замаар зорчигч хүн бүр тэр үйлчилгээг авах нөхцөл бүрдэх болно.

http://www.rta.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=316:2011-04-18-04-25-41&catid=55:2011-04-18-02-58-32&Itemid=140





» буцах


2017 © Eagle.